ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ОЙЛГОЛТ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг “Газрын тосны тухай хууль”, “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар зохицуулдаг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон Гэрээлэгч нарын хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг (цаашид “БХГ-ний загвар” эсхүл “БХГ” гэх) баталсан. Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 4.1.14-т Бүтээгдэхүүн хуваах гэpээ гэж Газрын тосны тухай хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг хэлнэ гэж заасан байдаг.
БХГ-г дараах үе шаттайгаар байгуулна:
1. Ашигт малтмал, газрын тосны газар (цаашид “АМГТГ” гэх) нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах захиалга хүлээн авах тухай болон захиалга хүлээн авах эцсийн хугацааг өөрийн веб хуудсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ.
2. Зарласан хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий этгээд захиалгаа АМГТГ-т өгнө.
3. Захиалгыг хүлээн авах хугацаа дууссаны дараа АМГТГ ирүүлсэн захиалгыг цаашид судлах, эсвэл хүлээн авах боломжгүй тухайгаа Захиалагчид 45 хоногийн дотор мэдэгдэнэ.
4. АМГТГ-ын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг Захиалагчтай БХГ-ний хэлэлцээг хийнэ.
5. Ажлын хэсэг Захиалагчтай хэлэлцээ хийж холбогдох материалыг бүрдүүлэн битүүмжилж тогтоосон хугацаанд Үнэлгээний хэсэгт хүлээлгэн өгнө.
6. Үнэлгээний хэсэг нь Захиалагчын ирүүлсэн захиалга болон холбогдох материалыг хянан шалган, үнэлгээ хийж санал дүгнэлт гарган Сонгон шалгаруулах зөвлөлд (СШЗ) танилцуулна.
7. СШЗ нь Ажлын хэсгийн Илтгэх хуудас, Үнэлгээний хэсгийн санал, дүгнэлтийг хуралдаанаараа авч хэлэлцэн БХГ байгуулах нөхцөлийг хангасан Захиалагчыг сонгох буюу түүнд гэрээ байгуулах эрх олгох эсэх тухай шийдвэр гарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад танилцуулна. СШЗ-ийн шийдвэрийг баталгаажуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тушаал гаргана.
8. БХГ байгуулах эрх олгогдсон Захиалагчид гэрээ байгуулах тухай мэдэгдлийг АМГТГ-аас хүргүүлнэ.
9. АМГТГ-аас эрх олгогдсон төлөөлөгч Захиалагчтай БХГ-ний төслийг үзэглэнэ.
10. Үзэглэсэн БХГ-ний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулна.
11. БХГ-ний төслийг бусад яам, газрын саналыг авсаны үндсэн дээр Засгийн газраар хэлэлцүүлж гарын үсэг зурах зөвшөөрөл авна.
12. Засгийн газрын шийдвэрийг үндэслэн АМГТГ-аас томилогдсон эрх бүхий этгээд БХГ-нд гарын үсэг зурж, улмаар Засгийн газарт гэрээг өргөн мэдүүлж батлуулна.
13. Засгийн газар БХГ-г баталсан өдрөөс эхлэн Гэрээ хүчин төгөлдөр болно.