01.03.2022

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар захирамжаар байгуулсан. 

Уг хуулийн төсөл нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ба төсөл нь 8 бүлэг, 35 зүйлтэй юм.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж, Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.” гэж тус тус заажээ.

Түүнчлэн 2002 онд батлагдсан Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.” гэж, мөн зүйлийн 26.8 дахь хэсэгт “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ.” гэж тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх зарчимд нийцүүлэн “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах” зорилго бүхий Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд батлан мөрдүүлсэн. 

Зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас гадна салбарын харилцааг зохицуулсан 100 гаруй хуулиар төрөлжүүлэн зохицуулж байна. Ингэхдээ үйл ажиллагааны онцлогоос хамаарч салбарын хууль болон холбогдох дүрэм, журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулж болохоор заасныг хэт өргөжүүлж тусгай зөвшөөрлийн төрөл, түүнийг олгох эрх бүхий субьектийг тогтоох зэргээр эрх зүйн зохицуулалтын гажуудал үүсгэх болжээ. 

Үүнээс гадна салбарын хуулийн өөрчлөлтийг дагалдуулж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төрлийг шинээр бий болгох, эсхүл тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг дотор нь задлах зэргээр тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байна.

Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд салбарын яамдаас олгох 18 чиглэлийг 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас олгох 7 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан боловч бодит байдалд 54 байгууллага, 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа тухай судалгаанд дурджээ.

Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4 дэх заалтад үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой 4 төрлийн тусгай зөвшөөрлийг олгохоор заасан бол Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд энэ чиглэлээр 6 төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор нэмэгдүүлэн хуульчилсан байна.

Үүнээс гадна хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрээр бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл байна.

Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өөр хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог практик түгээмэл байгаа нь энэ төрлийн харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалтын үндсэн зарчим, нэгдсэн бодлого алдагдсантай холбоотой хэмээн дүгнэж болохоор байна.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал GRATA International хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм GRATA International Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: