Монголд бизнес эрхлэх нь - 2024

Монголд бизнес эрхлэх нь - 2024

I.       БИЗНЕСИЙН ОРЧИН

Монгол улс нь байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой төдийгүй Азийн томоохон хоёр зах зээлд ойр байдаг тул дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болдог. Манай улсын нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг ГХШО бүрдүүлдэг бөгөөд 2023 оны жилийн эцсийн байдлаар 3.1 тэрбум америк долларын ГХШО хийгдсэн байна.

Үндэсний статистикийн мэдээгээр 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 12.8 их наяд төгрөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр), 23.0 их наяд төгрөг (оны үнээр) байна[1].

Монгол Улсын томоохон онцлог болон давуу талуудаас дурдвал:

-        Олон төрлийн өсөн нэмэгдэж буй зах зээл;

-        Технологийн инновацийн төв;

-        Нэмүү өртгийн боловсруулалтыг хийж болохуйц ашигт малтмалын томоохон бааз;

-        Хөгжиж буй аж үйлдвэр болон дэд бүтэц;

-        Хамгийн том хоёр эдийн засаг болох ОХУ болон БНХАУ хоорондын гүүр;

-        Залуу, өндөр боловсролтой хүн ам;

-        Хувийн сектор ба хувьчлал /төрийн гол хөрөнгийг хувьчлах, Монголын конгломерат болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монголын хөрөнгийн бирж дээр гарах/;

-        Төр хувийн хэвшлийн түншлэл болон дэд бүтцийн шинэчлэл;

-        Хууль дээдлэх ёс & хууль тогтоомж, зохицуулалтын чанар, ил тод байдал;

-        Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус баталгаа олгох;

-        Ирээдүйтэй мега, томоохон төслүүд;

-        Хөгжиж буй харилцаа холбоо болон мэдээллийн технологийн салбар зэрэг нь Монгол Улсын онцлог буюу давуу талууд юм.

Олон улсын эрх зүйн хүрээ

Монгол Улс нь хоёр талт болон олон талт гэрээнүүдийг гадаад улсуудтай байгуулахаар тууштай хэлэлцэж байгаа бөгөөд бүс нутгийн интеграцын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд одоогийн байдлаар:

-       43 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээр”;  

-       26 улстай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” буюу “давхар татварын хэлэлцээр”;

-       18 улстай “Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”

-       Монгол улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Япон улстай хамтран “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” гэх мэт хоёр талт гэрээ, хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна.

Мөн Монгол Улс нь Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах Сөүлийн конвенц болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Ваншингтоны конвенцийн гишүүн улс юм. 2014 оны 4 дүгээр сард Худалдаа болон хөгжлийн талаарх Нэгдсэн Үндэсний Байгууллагын хуралдаанд (НҮБ-ийн ХХХ) Монгол улс өөрийн хөрөнгө оруулалтын бодлого болон хуулиа танилцуулсан.



[1] Үндэсний Статистикийн хороо, Дотоодын нийт бүтээгдэхүүн, 2022 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлийн танилцуулга, 2022



Цааш унших
Mongolia
China
Global