
Сүүлийн жилүүдэд Монгол улс нүүрстөрөгчийн кредитийн зохицуулалтыг бэхжүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд нийцсэн Олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцох бэлтгэлээ хангах үүднээс эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлж байна. Сүүлийн саруудад энэхүү үйл явц эрчимжиж, Олон улсын гэрээ болон дотоодын эрх зүйн шинэчлэлүүд нь Монгол Улсыг бүс нутгийн нүүрстөрөгчийн зах зээлд тоглох боломжийг бүрдүүлж байна.
2025 оны 09 сарын 10 өдөр Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэн батлах тухай 91 дугаартай тогтоолыг баталсан. Парисын хэлэлцээрт оролцогч Талуудын Бага хурлын шийдвэр, зөвлөмжийн дагуу Монгол улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох талаар 2035 он хүртэл авах арга хэмжээ Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН3.0-NDC3.0)-ийн зорилтоо шинэчлэн тодорхойлов.
Энэхүү тогтоолоор хүлэмжийн хийн нийт ялгарлыг суурь түвшинтэй харьцуулахад 2025 онд 4.9 хувь, 2030 онд 23.0 хувь, 2035 онд 30.3 хувиар бууруулах бөгөөд Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2025 онд 54.8 сая.тн, 2030 онд 56.6 сая.тн, 2035 онд 56.9 сая.тн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО₂-экв)-аас тус тус хэтрүүлэхгүй байхыг зорьж байна.