
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны бодлогод практик ач холбогдол бүхий шинэ хэрэгсэл болж байна. Энэхүү хэлэлцээр нь талуудын хоорондын барааны худалдаанд тодорхой нэр төрлийн барааны гаалийн тарифыг хөнгөлөх, гарал үүслийн дүрэм, гаалийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх ажиллагааг зохицуулах зорилготой түр хэлэлцээр юм.
Хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталснаар Монгол Улсын талаас шаардлагатай дотоодын эрх зүйн ажиллагаа хийгдсэн. Улмаар хэлэлцээрт оролцогч талууд дотоодын холбогдох ажиллагаагаа дуусгаж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдлийг баталгаажуулснаар уг хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр байна. Иймээс бизнес эрхлэгчид уг өдрөөс эхлэн хэлэлцээрийн хавсралтад заасан бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болох хэдий ч тухайн бараа нь хэлэлцээрийн барааны жагсаалт, гарал үүслийн дүрэм, гаалийн бүрдүүлэлт болон холбогдох тарифын бус шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай.
Тарифын хөнгөлөлт нь автоматаар хэрэгжихгүй тул импортлогч, экспортлогчид дараах эрсдэлийг анхаарах шаардлагатай. Үүнд: импортолсон барааны бодит жин гарал үүслийн гэрчилгээний жингээс 5%-иас илүү зөрвөл гааль хөнгөлөлтийг цуцлах үндэслэл болно. Мөн уг хөнгөлөлт нь зөвхөн гаалийн тарифад хамаарах бөгөөд НӨАТ, онцгой албан татвар болон эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг автоматаар хөнгөлөхгүй гэдгийг анхаарна уу.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг зөвхөн тарифын хөнгөлөлтөөр хязгаарлахгүйгээр, төрийн байгууллагуудын зүгээс гаалийн бүрдүүлэлт болон худалдааг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой институцийн бэлтгэл ажлууд хийгдэхээр байна. Мөн хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх, техникийн саад тотгор болон худалдаанд хязгаарлалт үүсгэж болзошгүй арга хэмжээг талуудын хооронд байгуулсан хамтарсан хорооны түвшинд хэлэлцэн шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний зэрэгцээ гаалийн хамтын ажиллагааны асуудлаар байнгын харилцаа холбоог хангах эрх бүхий этгээдийг талууд томилохоор байгаа нь хэрэгжилтийн явцад үүсэх гаалийн ангилал, гарал үүсэл, бичиг баримтын баталгаажуулалт, мэдээлэл солилцоо зэрэг практик асуудлыг шуурхай тодруулахад чухал ач холбогдолтой. Иймээс хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдийн хувьд зөвхөн тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэхээс гадна гаалийн бүрдүүлэлтийн ажиллагаа илүү урьдчилан таамаглах боломжтой, хурдан, зардал багатай болох суурь нөхцөл бүрдэхээр байна.