20.03.2020

Д а в х а р   т а т в а р ы н   г э р э н и й   т а т в а р ы н   х а р и л ц а н   т о х и р о х   ж у р а м  

Монгол улс 26 улстай “Давхар татварын гэрээ” (цаашид “Гэрээ” гэх)-г байгуулсан байдаг. Уг гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд татварын давхардлыг арилгах асуудлаар нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцох зорилгоор 2013 онд “Татварын харилцан тохиролцох” журмыг (цаашид “Журам гэх”) анх баталсан байдаг. Татварийн Ерөнхий хуулийн 17.3 заалтын дагуу Сангийн яамны 2019 оны 293 тоот тушаалаар тус журмыг дахин шинэчлэн баталсан бөгөөд ерөнхий өөрчлөлтүүд орсон байна.

  1. Уг журмыг хэрэгжүүлэх;
  2. Гэрээний нөгөө талын рэх бүхий байгууллагатай тухайлсан татвар нь гэрээний дагуу бус эсхүл толорхой үр дагавар гарч болзошгүй тохиолдолд давхар татварыг арилгах талаар харилцан тохиролцох.

Шинэ журмаар дараах өөрчлөлтүүдийг оруулсан.

  1. Уг шинэчилсэн журмын дагуу гаргах хүсэлтэд “Татварын албанаас ногдуулсан торгууль, алданги” хамаарахгүй;
  2. Татвар төлөгчийн Хүсэлтэд заасан татвар ногдуулалт нь Монгол улсаас авсан арга хэмжээнээс хэсэгчлэн, эсхүл бүхэлдээ хамаарсан гэж үзвэл шийдвэрлэх хугацаа 60 хоног (Журмын 6.4) байна;
  3. Татвар төлөгч урьдчилсан уулзалт хийх саналаа албан бичгээр хүргүүлэх ба албан бичигт маргаантай асуудлыг тайлбарласан байна;
  4. Хүсэлтийн дагуу Урьдчилсан уулзалт зохион байгуулах хугацааг 10 хоног болгон өөрчилсөн;
  5. “Давхар татварын гэрээ”-ээр Хүсэлт гаргах хугацааг тохиролцоогүй бол татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, ногдуулах нөхцөл үүссэнийг анх мэдсэнээс хойш 3 жилийн хугацаанд багтаан гаргана;
  6. Эрх бүхий этгээд нэмэлт тодруулга, баримт бичгийг хүссэн тохиолдолд татвар төлөгч 30 хоногийн дотор хүргүүлнэ (Уг асуудлыг өмнөх журмаар зохицуулаагүй байсан.);
  7. Татвар төлөгч нь хүсэлтэд хамаарах асуудлаар татварын маргаан таслах зөвлөл, шүүх, хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан эсхүл хянагдаж байгаа тохилдолд уг гомдол Маргаан таслах зөвлөл болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл харилцан тохирох ажиллагааг эхлүүлэхгүй;
  8. Эрх бүхий этгээд нь харилцан тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй хүсэлтийн асуудлаар шийдэлд хүрэх нь тодорхой болсон тохиолдолд тохиролцсон тухайгаа татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ;
  9. Уг мэдэгдлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бичгээр хүргүүлнэ. Хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлснээр эрх бүхий этгээд харилцан тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг дуусгавар болгоно.

Дээрх өөрчлөлтүүдээс гадна дараах нийтлэг мэдээллийг хүргэж байна.   

Давхар татварын гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд Давхар татварын гэрээтэй ТАТВАР ТӨЛӨГЧ болон ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД хүсэлт гаргана.

ХҮСЭЛТ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ

  1. Татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улс дах харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн ажил, гүйлгээнд хэлэлцэн тохирогч нөгөө улс үнэ шилжилтийн тохируулга хийсний улмаас нэмэлт татварыг ногдуулсан бол;
  2. Татвар төлөгчийг хэлэлцэн тохирогч нөгөө улс төлөөний газартай гэж үзэн тус улсаас эх үүсвэртэй орлогод давхар татварын гэрээнд үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;
  3. Татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улсад байрлах төлөөний газрын татвар ногдох орлогод хэлэлцэн тохирогч нөгөө улс тохируулга хийсний улмаас татварыг давхардуулан ногдуулсан бол;
  4. Татвар төлөгчийн хэлэлцэн тохирогч нөгөө улсад олсон орлогоос хэлэлцэн тохирогч тухайн улс хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар суутгасан гэж үзвэл;
  5. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч боловч хэлэлцэн тохирогч нөгөө улсын дотоодын хуулийн дагуу тухайн улсын оршин суугч татвар төлөгч гэж тодорхойлогдсон этгээд аль улсад татвар төлөхийг тодорхойлох зорилгоор;
  6. Татвар төлөгч хувь хүний хэлэлцэн тохирогч нөгөө улсад ажил, үйлчилгээ эрхэлснээс олсон орлогод хэлэлцэн тохирогч нөгөө улс хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;
  7. Давхар татварын гэрээгээр “харилцан тохирох журам”-д заасан хэлэлцээрийг хэрэглэхтэй холбоотой үүссэн бусад маргаантай асуудлаар.

 

ХҮСЭЛТ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

Татвар төлөгч нь хүсэлтээ Сангийн сайд буюу түүний эрх олгосон эрх бүхий төлөөлөгчид гаргана. Эрх бүхий төлөөлөгч гэдэг нь:

  1. Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга;
  2. Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Орлогын хэлтсийн дарга;
  3. Татварын ерөнхий газрын дарга;
  4. Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

  • Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлтийн мяагтад дараах мэдээллийг тусгана. үүнд:
  • Тухайн асуудалд хамааралтай ажил үйлчилгээ, арга хэмжээ, эсвэл бусад нөхцөл байдлын тухай;
  • Тухайн асуудалд хамааралтай этгээдүүдийн улсын харьяалал, нэр, хаяг, холбогдох татвар төлөгчийн дугаар;
  • Харьяа татварын алба эсхүл хэлэлцэн тохирогч нөгөө улсын татварын албанаас тухайн асуудалтай холбоотойгоор хийгдсэн аливаа ажиллагаа, гаргасан шийдвэр, баримт бичиг, тэдгээрийн явцын талаар;
  • Орлогын төрөл, татварын дүнг төгрөгөөр болон тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр гаргасан тооцоолол.
  • Хүсэлтэд хамаарах асуудлаар харилцагч татварын алба эсхүл хэлэлцэн тохирогч нөгөө улсын татварын албаны гаргасан баримт бичгийн баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;
  • Хүсэлтийг төлөөлөгчөөр дамжуулан гаргах тохиолдолд татвар төлөгчийг төлөөлөх итгэмжлэл;
  • Хүсэлтэд хамаарах асуудал нь үнэ шилжилтийн тохируулгатай холбоотой бол үнэ шилжилтийн баримтжуулалт, татварын албадаас хийгдсэн тохируулгатай холбоотой баримт бичиг, холбогдох бусад мэдээлэл;
  • Хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээдэд гаргасан хүсэлт, холбогдох баримт бичиг, ирүүлсэн хариу зэргийн баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;
  • Энэхүү харилцан тохирох ажиллагаанд хамаарах асуудлаар хэлэлцэн тохирогч нөгөө улсын эрх бүхий этгээд шийдвэр гаргасан бол түүний баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт.

Дээрх баримт бичигт өөрчлөлт оруулах тохилдолд энэ талаар эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэх шаардлагатай.  

ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

  1. Татвар төлөгч давхар татварын гэрээний тааламжтай нөхцлийг эдлэх, тухайн хүсэлтэд заасан туслалцааг авах эрхгүй этгээд бол;
  2. Тухайн асуудал нь давхар татварын гэрээгээр зохицуулагдаагүй бол;
  1. Татвар төлөгч өмнө нь ижил төрлийн асуудлаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан бөгөөд тухайн асуудлаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй;
  2. Эрх бүхий этгээдийн харилцан тохирох ажиллагаанд татвар төлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэхийг татвар төлөгч зөвшөөрөөгүй;
  3. Хүсэлтэд хамаарах асуудлаар эрх бүхий этгээдээс хүссэн нэмэлт тодруулга, материалыг хугацаанд нь гаргаж өгөөгүй;
  1. Хүсэлт гаргах хугацаа хэтэрсэн.

 

УРЬДЧИЛСАН УУЛЗАЛТ

Татвар төлөгч нь хүсэлт гаргахаас өмнө тухайн асуудлаар зөвлөгөө авах зорилгоор эрх бүхий этгээдийн томилсон төлөөлөгчтэй урьдчилсан уулзалт хийж болно. Энэ тухай саналаа албан бичгээр хүргүүлэх бөгөөд албан бичигт хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үүссэн маргаантай асуудлыг тайлбарласан байна. Хүсэлт үндэслэлтэй эсэх, албан ёсны хүсэлтийг гаргах нөхцөл бүрдсэн, холбогдох баримт материалын бүрдүүлэлт шаардлагад нийцсэн эсэх талаар зөвлөгөө авах боломжтой.

Санамж:

Энэхүү материалыг GRATA International Монгол хуулийн фирм бэлтгэн хүргэж байна. Дээрх материал нь зөвхөн ерөнхий мэдээлэл олгох зорилготой бөгөөд энд тайлбарласан зүйл тус бүрд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигчид ямар нэгэн арга хэмжээ авахаас (эсвэл авахгүй) өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү мэдээлэлд үндэслэн хийсэн үйлдэл/эс үйлдэлд Grata International Монгол хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.         

 

Илүү мэдээлэл авахыг хүсвэл, Grata International хуулийн фирмийн партнер В.Болормаатай bvolodya@gratanet.com эсхүл +976 99085031 утсаар холбогдоорой.

Locations
Үйлчилгээний чиглэлүүд
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: