Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” –ийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2018 оны 3 сард анх Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байдаг. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсны эцэст 2021 оны 7 дугаар сарын 02 –ны өдөр тус хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1 –ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү шинэчилсэн найруулгыг батлах хэрэгцээ, шаардлага болон үүнд оруулсан шинэ зохицуулалт болон нэмэлт, өөрчлөлтүүдээс тоймлон хүргэж байна.
Шинэчилсэн хууль батлах хэрэгцээ шаардлага
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дурдсанаар дараах хэрэгцээ, шаардлага бий болсон тул хөдөлмөрийн харилцааг шинэчлэн зохицуулах шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
1. Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх, нэр томьёо зэргийг Монгол улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн 8 суурь конвенц ялангуяа 1999 оноос нэгдэн орсон 4 суурь конвенц, зөвлөмжтэй нийцүүлэх – Монгол улс нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бөгөөд хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон улсын конвенцод нэгдэн орсон. Тухайлбал:
1. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд нэлээдгүй гарсан ба хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд гүнзгийрэн өргөжиж шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болсоор байна. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах /туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан гэх мэт/ алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байна. Эдгээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмагаас иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг хохирох, хөдөлмөрийн харилцаанд үл ойлголцол үүсэх, холбогдох этгээд хариуцлага хүлээхгүй өнгөрөх зэрэг нөхцөлийг бүрдүүлж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хөдөлмөр эрхлэлтийн эдгээр төрөл, хэлбэрийн харилцааг хуульчлах;
2. Хөдөлмөрийн харилцаанд тавих төрийн хяналтын талаар одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нарийвчлан тусгаагүйгээс хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ажилтан, ажил олгогчийн эрх зөрчигдөх үр дагавар гарч байгаа тул олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөлт оруулах;
3. Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх анхан шатны нэгж боловч аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгаагүйгээс тус комиссыг байгуулахгүй байх тохиолдол түгээмэл гарч, хөдөлмөрийн маргаан анхан шатандаа шийдвэрлэгдэж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгах[2] шаардлагатай болсон;
4. Бичгэн Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөрийн харилцаанд орох нь практикт түгээмэл тохиолддог. Ялангуяа хөдөө аж ахуй, ойн аж ахуй,ан агнуур, бөөний болон жижиглэнгийн салбар, машины засвар үйлчилгээний салбарт хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтан ажиллуулж буй нь ажилчид Хөдөлмөрийн хуулиар олгосон эрх эдлэх боломжгүй болгож байна.
2021 оны I улирлын байдлаар арван тав, түүнээс дээш насны хүн амын
1 156.1 мянга (54.9 хувь) нь ажиллах хүч, 949.7 мянга (45.1 хувь) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт ажиллах хүчний 613.7 мянга (53.1 хувь) нь эрэгтэйчүүд, 542.4 мянга (46.9 хувь) нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт ажиллах хүчний 1 054.9 мянга (91.2 хувь) нь ажиллагчид, 101.2 мянга (8.8 хувь) нь ажилгүйчүүд байна. [3]
2020 оны байдлаар Монгол Улсад нийт 4039 гадаадын иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд, оны эцэст, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар:
Салбар |
2018 |
2019 |
2020 |
Бүгд |
4502 |
4601 |
4039 |
Уул, уурхай, олборлолт |
1654 |
1762 |
1481 |
Боловсруулах үйлдвэрлэл |
295 |
267 |
322 |
Барилга |
121 |
197 |
483 |
Бөөний болон жижиглэн худалдаа |
782 |
759 |
688 |
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа |
121 |
151 |
166 |
Боловсрол |
918 |
990 |
610 |
Бусад |
611 |
475 |
289[4] |
Эдгээр салбарт ажиллаж байгаа нийт ажилтнуудын дийлэнхтэй нь ажил олгогч бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс ажилтнууд Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрч байсан зэрэг нь хөдөлмөрийн харилцааг шинэчлэн зохицуулах болсныг харуулж байна.
[1] Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенцууд - https://nhrcm.gov.mn/
[2] Хөдөлмөрийн тухай хуулийн / шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлал - https://mlsp.gov.mn/uploads/files/6e832e3b5c21f213af7c0a8d013810dc402448ad.pdf
[3] Хөдөлмөрийн зах зээлийн тойм 2021 он - https://mlsp.gov.mn/uploads/files/Bulletin_2021_1_Mon.pdf
[4] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга→
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаатай bvolodya@gratanet.com эмайл болон эрх зүйч Т.Буянжаргалтай btungalag@gratanet.com эмайлээр эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.