Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан бөгөөд уг баримт бичгийн 6.1.1-д заасныг баримтлан 2010 онд Концессын тухай хуулийг батлан гаргасан байдаг. Концессын тухай хуульд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар тодорхой зохицуулалт байхгүй учраас шинэчлэх шаардлагатай гэж үзсэн учраас Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль (цаашид “ТХХТтХ” гэх)-ийн төслийг өргөн мэдүүлсэн. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Энэхүү хууль, эрх зүйн мэдээллээр ТХХТтХ-ийн зохицуулалтын талаар хураангуйлан хүргэж байна.
Энэхүү хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
Нэр томьёоны тодорхойлолт:
- Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэлнэ.
- Нийтийн зориулалттай дэд бүтэц гэдэг нь нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг хэлнэ.
- Төрийн үйлчилгээ гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад хэлбэрт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг хэлнэ.
Түншлэлийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх:
Төр, хувийн хэвшлийн түншлэл (цаашид “Түншлэл” гэх) нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудалд хамаарна. Төр, хувийн хэвшлийн төсөв, санхүүгийн удирдлага, хяналт нь Сангийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах юм. Түншлэлийн асуудлын хүрээнд төрийн байгууллагууд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.